Франц хэлний багш нарын олон улсын чуулган
Бельги улсын муж, хотууд дотроос Франц хэлээр хамгийн ихээр эрхэмлэн ярьдаг Лиэж хотноо Франц хэлний багш нарын Олон улсын 14 дэхь удаагийн чуулганыг долдугаар сарын 14-21-ний хооронд зохион байгуулснаар дэлхийн 100 гаруй улс орноос ирсэн 1000 гаруй багш нар хуран чуулжээ.
Мэдлэг туршлагаа хуваалцан солилцсон чуулган
Франц хэлний багш нарын олон улсын нийгэмлэгээс, Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын дэмжлэгээр (OIF) дундад зууны үеэс өнөөг хүртэл мэдлэг боловсрол руу түлхүү чиглэн хөгжсөөр, өнөөдрийн байдлаар 100 000 гаруй оюутны өлгий нутаг болсон Лиэж хотноо Франц хэлний багш нарын дэлхийн чуулганыг зохион байгууллаа.
Франц хэлийг сурч эзэмшснээр олж нээх шинэ технологуудын нэгдэл, иргэншилд хөтлөх мэдлэг боловсрол дахь хэлний гүйцэтгэх үүрэг цаашлаад залуу үеийнхэн Франц хэлийг сонирхон судлах нь...зэргийн талаар хэлэлцсэн.
Чуулганы үеэр, дэлхийн өнцөг булан бүрийн франц хэлний сургалттай холбоотой чухал асуудлуудыг мөн хөндөн хэлэлцсэнээр уг чуулган олон улсын франц хэлний багш нарын хувьд өөр хоорондоо энэ хэлийг зааж сургахад болон сурагчдыг улам идэвхижүүлэх тал дээрх санал бодол, арга хэрэгслийнхээ талаар харилцан санал солилцох завшааныг олгосон үйл явдал болсон юм.
Франц хэл, дэлхийн хэмжээнд хамгийн их судлагддаг хоёр дахь хэл юм
Франц хэлийг 900 сая гаруй багшийн зааснаар 125 сая гаруй хүн сурч судалсан, Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын судалгаагаар дэлхий дахинаа хамгийн олон хүн сурч судалсан хоёр дахь хэлд тооцогддог. 50 сая гаруй хүн Франц хэлийг гадаад хэлний төвшинд (FLE) сурч байна. Эдгээр суралцагсад удахгүй франц хэлтэн бүс дэхь 274 сая франц хэлтэнтэй нэгдэн нийлэх болно. Дэлхийн хүн амын хамгийн их ярьж, хэрэглэгддэгээрээ тавд ордог Франц хэл нь хэвлэл мэдээллийн салбар дахь олон улсын мэдээллийн хоёр дахь хэл, ажил бизнесийн хувьд англи, хятад хэлний дараа ордог гурав дахь хэл бөгөөд дэлхийн ихэнх олон улсын байгууллагуудын албан ёсны хэл болдог. Түүний хэрэглээ мэдэгдэхүйц өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ялангуяа Сахар орчмын Африкийн бүс нутгуудаар өргөн хэрэглэж байна.
Байнга хөгжин хувьсаж буй хэл
Франц хэл өөрөө харилцаа солилцооны бодит үүрэг гүйцэтгэж байдаг хэл бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт байх франц хэлтэнүүд энэ хэлний хувьсал өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулж байдаг. Энэхүү эрчим өөрөө франц хэлний хэл зүйн өв санг улам бүр баяжуулсаар байна. Тухайлбал : Көбэк-ээс орж ирсэн "баладо" (podcast), эсвэл Камерон-оос "Ёоеэт" (загварлаг хөөрхөн бүсгүй) гэх хэллэгүүд нь Ларусс толь бичгийн шинэ хэвлэлтэнд энэ жилээс нэмэгдэн орсон байна.
Photos © FIPF